Sunday, May 8, 2016

Хувь хүний өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаа, харилцаанд хуулийн засаглал туйлийн чухал нөлөөтэй. Иммануэль Кант “Хэрэв хүн хэн нэгэнд бус зөвхөн хуульд захирагдах шаардлагатай бол тэр эрх чөлөөтэй” гэж хэлсэн байдаг. Нийтлэг харилцааг зохицуулдаг хуулиудын нэг гол зорилго нь хувь хүмүүсийн өдөр тутмын харилцаанд тохиолдох тодорхой бус байдал, эрсдлийг бууруулах юм. Үүний тулд хууль, дүрэм урт хугацааг харсан бөгөөд тогтвортой байх ёстой. Нобелийн шагналт эдийн засагч Ф.А.Хаек “Дүрэм нь бидэнд бусад хүмүүсийн үйл хөдлөлийг зөв таамаглахад туслах бөгөөд ийм учраас дүрэм бүх нөхцөлд бүр бидэнд шударга бус санагдах зарим нэг тохиолдолд ч адилхан хэрэглэгддэг байх нь маш чухал”[1] гэж үздэг. Учир нь хууль тоглоомын дүрэмтэй ижил юм. Шударга тоглон амжилт гаргахад тоглоомын дүрэм урьдаас тодорхой бөгөөд тогтвортой байх нь нэн чухал. Дүрэм тогтворгүй байн байн өөрчлөгддөг бол эсрэг талын тоглогчийнхоо үйлдлийг зөв таамаглах, тоглоомонд амжилт гаргахад төвөгтэй болно. Улмаар нийтлэг тодорхой бус байдал нэмэгдсэнээр тоглоомоо сайн тоглохоор хичээхийн оронд тоглогчид тоглоомын дүрмийг өөрсөндөө ашигтай болгож өөрчлөхөд хүчин чармайлтаа зарцуулах болно. Ингэснээр хууль богино хугацааг харсан, тогтворгүй болж хууль дүрмийг тойрсон тодорхой бус байдал нэмэгдэнэ.

Хууль дүрэм нь тогтворгүй, өөр хоорондоо зөрчилтэй бол юу болдгийн тод жишээ нь Монгол хэлний бичгийн дүрэм юм. Монгол хэлний дүрэм бол бидний өдөр тутмын харилцаанд хамгийн чухал дүрмийн нэг билээ. Дүрмийн алдаатай бичихийг ичгэвтэр гэж үздэг байсан цаг саяхан. Алдаагүй зөв бичих нь аливаа албан бичиг, хэвлэлд тавигдах хамгийн наад захын шаардлага юм. Гэтэл хэлний дүрэм нь байн байн өөрчлөгдөөд, тогтворгүй байсаар нэг үгийг хэдэн хувилбараар бичих нь хэвийн үзэгдэл болжээ. Тухайлбал, google-ээр хайлт хийхэд хоёр гурван хувилбараар бичигдсэн үгс өсөж, өсч, альваа, аливаа, шавж, шавьж, байцаа, байцай, дах, дахь, нөхцөлийг, нөхцлийг, хүргье, хүргэе гээд явж өгнө. Энэ замбараагүй байдал хувийн, албаны, төрийн байгууллагуудын цахим хуудас, ном, сонин, сошиал медиа гээд  хаа сайгүй ажиглагддаг. Хэн нь зөв, хэн нь буруу бичиж байгааг хэлж чадахаа больж, дор дороо нүдэндээ эвтэйхэн харагдсанаар бичиж, улмаар бичгийн дүрэмд хайхрамжгүй хандах боллоо. Нэгэнт бичгийн алдааг хэрхэн засахаа мэдэхгүй болж эс хайхарснаар, цаашлаад утга, найруулгад тавих анхаарал сулран, бичлэгийн стандарт үгүй болж байна. Монгол Улсын урдаа барьдаг нэг үзүүлэлт бол бичиг үсэгт тайлагдсан байдал билээ. Харин эх хэлээрээ итгэлтэй, зөв бичиж чадахгүй хүмүүсээ бичиг үсэгт тайлагдсан гэдэг ангиллаас хасаад тоолвол манайд бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүсийн тоо сүрдмээр том тоо гарах бол уу.

Дэлхийн банкнаас 200 гаруй орныг хамруулан гаргадаг засаглалын индикаторууд дотор хуулийн засаглал гэж үзүүлэлт байдаг. Монгол Улс энэ үзүүлэлтийн жагсаалтаар 2002 онд 57% буюу 84-р байранд жагсаж  байсан. Харин 2014 онд хуулийн засаглалын үзүүлэлт түүхэн доод утгандаа хүрч, 41% буюу 123-р байранд жагсаж байна.[2] Энэ нь ч бидэнд ажиглагдаж буй хуулийн засаглалын өнөөгийн бодит байдалтай таарч байх шиг. Сүүлийн үед хууль байнга өөрчлөгдөн тогтворгүй, улмаар зохицуулалт нь ойлгомжгүй байх нь газар авч байна. Татварын ерөнхий хуулинд гэхэд л 2008 оноос хойш 22 удаа өөрчлөлт орсноос 6 нь 2015 онд оржээ. 2008-2015 онд нийт 13 удаа төсвийн тодотгол хийсэн бөгөөд тодотгол хийгээгүй өнжсөн жил алга. Түүнчлэн сонгуулийн хууль сонгуулийн өмнө үндэс сууриараа өөрчлөгддөг нь жишиг болжээ. Улмаар, өөрт таалагдахгүй бол хуулийг өөрчилж болно гэх хандлага нийгмийн бүх түвшинг хамарч байгааг эрүүгийн шинэ хууль гараад хэрэгжиж эхлээгүй байхдаа эрүүл мэндийн салбарыг хамарсан эсэргүүцэлтэй тулгарч байгаагаас нь харж болно.

Манайд хуулиуд ингэж олон өөрчлөгдөж байгаа нь хуулийг тухайн цаг үе, тодорхой бүлгийн ашиг сонирхолд нийцүүлэн, яарч, үндэслэл муутай гаргадгаас үүдэлтэй бол уу. Аливаа хууль энэ үед амьдарч байгаа үе үеийн 3 сая иргэн төдийгүй ирээдүйд төрөх иргэдийн ч харилцааг зохицуулах учиртайг санан урт хугацааг харж, ул суурьтай хэлэлцэн, нягталж, хуулийн үйлчлэх хүрээ, хэрэгжүүлэх механизм, шаардлагатай төсөв хөрөнгийг хамтад нь хэлэлцдэг болох нь хуулийн засаглалыг сайжруулах нэг чухал алхам юм.









[1] F.A. Hayek, “The Road to Serfdom” 1944 (renewed 1972), The University of Chicago Press, (page 88).